2013 оны 9 сарын 3-нд Английн Бирмингем (Birmingham) хотод 189 сая фунт стерлингийн өртөгөөр бий болсон Европийн хамгийн том нийтийн номын сан албан ёсны нээлтээ хийлээ. Их Британийн эдийн засаг сайнгүй байгаагаас үүдээд газар сайгүй төсвийн зарцуулалтыг багасгах танах чиг баримжаатай байгаа ийм үед Бирмингем хотын захиргаа татвар төлөгчдийн мөнгөөр ийм өндөр өртөгтэйгээр цоо шинэ нийтийн номын сан байгуулсан нь гайхалтай алхам юм. Оршин суугчдынхаа тоогоор Британидаа 3т орох Бирмингем хот бол маш олон үндэстэн ястан холилдсон хот. Урьд нь хүнд аж үйлдвэрлэлийн гол хотуудын нэг байсан юм. Бүх нийтэд үнэ төлбөргүй энэ номын санг Бирмингем хотын иргэд, залуу үеийнхний оюуны ундрага, эрдэм мэдлэгийн төв болж хүмүүсийн байнга цагаа өнгөрөөдөг онцгой газар байгаасай хэмээн маш өвөрмөц дизайн, дотоод зохион байгуулалтаар бүтээн дээд зэргийн тав тухтай гайхалтай орчныг бүрдүүлжээ.

Үнэхээр бүхий газарт эртнээс номын сан гэдэг эрдэм мэдлэгийг түгээгч хөгжил дэвшилийн түлхүүр болсон онцгой нандин газар байж иржээ. Монголд маань 1990ээд оноос хойш нийтийн номын сангууд үнэхээр хүнд байдалтай явж ирсэн гэж хувьдаа боддог. Болдог бол Чингис бондын мөнгөнөөс 100 сая доллараар ч хамаагүй гайхалтай сайхан номын санг Улаанбаатартаа ганцыг ч болсон бий болгох юмсан. Ийм сайхан тохилог, орчин үеийн маш олон төрлийн арвин номтой нийтэд үнэ төлбөргүй үйлчилдэг нийтийн номын санг Улаанбаатартаа ганцыг ч гэсэн байгуулвал хүн бүр ялангуяа хүүхэд залуус байнга очих дуртай эрдэм мэдлэгийн ундрага болсон тийм сайхан болох болов уу гэж бодох юм. Үнэхээр 100 сая долларыг иргэд олон нийтийн хяналттай ухаалаг нарийн зарцуулж ийм номын санг байгуулж чадвал олон нийт цаашлаад Монгол улсад маань маш их хэрэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.

bbc.co.uk/news/uk-england-birmingham-23934792

Loading more stuff…

Hmm…it looks like things are taking a while to load. Try again?

Loading videos…